/ зөвөлгөө

УХААЛАГ УТСЫГ "УХААЛГААР" АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ

Ухаалаг утсаа илүү “ухаалгаар” ашиглацгаая. Гар утсаа хэрхэн хурдан цэнэглэдгийг, гар доорх материалаар хэрхэн спикер хийдгийг, утсаа ус чийгээс хэрхэн хамгаалдгийг та мэдэх үү? Тэгвэл бид таны өдөр тутмын амьдралд хэрэг болох гар утасны зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • АЛХАНГАА АЮУЛГҮЙ МЕССЕЖ БИЧИХ АРГА

Мессеж бичих гар утсыг дагалдаж ирдэг гайхалтай үйлчилгээ. Мессеж бичиж байх үед хүний анхаарал гар утасны дэлгэцэн дээр төвлөрсөн байдаг учраас орчин тойрноосоо түр хугацаанд сатаардаг. Дээрээс нь та алхаж яваа замаа харахгүй. Үүнээс болж бүдрэх, бусад хүн, эд зүйлстэй мөргөлдөх, нүхэнд унах гээд олон эрсдэл бий. Тоо баримтаас харвал гудамжинд алхаж яваад гэмтсэн иргэдийн 10% нь гар утаснаас үүдэлтэй байдаг байна.

Бид алхангаа мессеж бичихийг дэмждэггүй, гэхдээ нэн шаардлагатай бол өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

Андройд утас хэрэглэгчдэд зориулсан WALK’N TEXT, Walk and Text, IPHONE хэрэглэгчдэд зориулсан Walk’n Go зэрэг гар утасны аппликэйшн нь танд алхангаа мессеж бичиж, давхар явж байгаа замаа хархад тусалдаг.

Мессеж бичих дэлгэц нь гар утасны камерны дэлгэц болж хувирдаг бөгөөд та хаана алхаж байгаа болон эргэн тойрноо хялбархан харах боломжийг олгодог.

  • ГАР УТАСНЫ КАМЕР АШИГЛАН ОРЧУУЛГА ХИЙХ

Гадаад хэлнээс ямар нэг үгийг хурдан орчуулах шаардлагатай нөхцөлд орж байсан уу? Гар утсандаа толь бичиг татаж авах ямар ч шаардлагагүй болсон. Гар утсанд зориулсан Google Translate аппликэйшн нь танд хүссэн газартаа хурдан шуурхай мэдээллийг орчуулах боломжийг олгоно.

Google translate аппликэйшн ашиглаж:

Бичиж орчуулах – 90 хэл
Камер ашиглан зураг орчуулах – 26 хэл
Дуу хоолой ашиглан орчуулах – 40 хэл
Хэлний багц татаж аваад, гадаадад интернэтгүйгээр ашиглах боломжтой.
Камер ашиглан зураг орчуулах боломжид Монгол хэл хараахан нэмэгдээгүй байгаа ч та Хятад, Япон, Итали гэх мэт хэл дээрх мэдээллийг Англи юм уу Орос хэл рүү хөрвүүлэх боломжтой.

Google Play болон App Store-оос үнэгүй татаж авах боломжтой.

  • ГАР УТАС АШИГЛАН ГЭРЭЛТҮҮЛЭГ ХИЙХ

Хэрэв та хөдөө гадаа аялал зугаалгаар явж байтал гар чийдэнгийн гэрэл шулуун тусаад гэрт, майханд нэг л тохирч өгөхгүй байна уу. Тэгвэл танд дараах зөвлөгөө хэрэг болох байх. Ус нь гэрлийг маш сайн хугалж тараадаг тул та цагаан юм уу тугалган өнгийн саванд ус хийгээд хажуу бөөрөнд нь гэрлээ бэхэл. Таны байгаа газар төвийн цахилгаанд холбогдсон юм шиг л болно. Танд гэж зөвлөхөд цагаан өнгийн сав нь гэрлийн шууд нэвтрүүлэхгүй ахин цацруулж өгдөг тул тунгалаг савнаас илүү тод тусна гэдгийг бодолцоорой.

Хэрэглэх зүйлс:

Цагаан, тунгалаг /цагаан байвал сайн/ өнгийн саванд ус хийнэ
Гар утасны гэрэл
Хажууд нь тогтоох оосор
Гар утаснийхаа гэрлийг асааж савны доор байрлуулах эсвэл савны хажуу хананд бэхэлнэ.

  • УТАСНЫ ДУУГАРАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА

Аялал зугаалгаар явж байхдаа утсаа чанга дуугаар сонсохыг хүссэн боловч танд цаасан аяга, цаасан хоолой аль аль нь байхгүй бол яах вэ? Та дараах зөвлөгөөг уншаарай.

Хөдөө ажлаар эсвэл хаа нэг газар хэн нэгнийг хүлээж байхдаа утаснаасаа дуу сонсох гэсэн боловч нэг л сайн дуугарч өгөхгүй байна уу? Тэгвэл та утсаа зүгээр л аяганд хийчих. Ингээд л чанга яригчтай боллоо л гэсэн үг. Учир нь аяга утаснаас гарсан дууг өөр зүг сарниулахгүйгээр нэг чигт цацаж өгдөг. Таны утас багтахаар аяга байхгүй бол ямар ч хамаагүй саванд хийж болно. Магадгүй ундааны савыг тайраад хийсэн ч болно шүү. Таны сэтгэлийг гонсойлгохгүй байх гэдэгт итгэлтэй байна.