/ Ном

"Magnificent Mongolia" буюу "Үлэмж төгс Монгол" номны тухай

Өнөөдрийн танилцуулах ном бол буддаг ном. Гэхдээ энгийн нэг буддаг ном бус гүн утга агуулгатай, чин сэтгэл шингэсэн бүтээл юм. "Монголчууд маань эх орноо гадаадад байгаа монголчуудынхаа нүдээр хараасай, хэчнээн сайхан газар болохыг нь мэдрээсэй гэсэндээ энэ номыг бүтээж, бас бид өөрсдөө л Монголдоо өнгө нэмж, үзэмж төгс болгох учиртай юм шүү гэж ийм нэр өгсөн" хэмээн зохиогч бүсгүй ярьсан юм. Та энэ нийтлэлийг уншаад "Үзэмж төгс Монгол" номыг яагаад авах хэрэгтэйг ойлгох биз ээ

ЭНЭ НОМЫН ҮҮДЭЛ САНАА БА ДАВУУ ТАЛУУД

Уг номыг Ч.Итгэл, Г.Золбоо гэх хоёр бүсгүй хамтран зохиожээ.

Ч.Итгэл нь Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын харилцаагаар сурч, туслах судлаачаар ажиллаж байхдаа эх орноо ихэд санадаг байж. Хэдийгээр өндөр хөгжилтэй оронд санаа амар амьдарч сурч байсан ч гэсэн монгол орноо, монгол хүмүүсээ тун чиг үгүйлдэг байсан гэнэ. Тэгээд нэг жилийн өмнө эх орондоо эргэж ирэхэд энд буй монголчууд стресс бухимдал ихтэй, өөрсдөд нь байдаг сайн сайхан бүхнээ анзаарахаа больсон юм шиг санагджээ. Улмаар насан хүрэгчдэд Монгол маань сайхан улс орон шүү гэдгийг сануулж, стресс бухимдлаа арилгахад нь туслахаар, харин хүүхэд багачуудад Монголтойгоо илүү сайн танилцахад дэм болохоор энэ номыг сэдэж, гэр бүлийн хүмүүстэйгээ хамтран 8 сар ажиллаж байж хэвлүүлжээ. Өөрөөр хэлбэл бүтээлч 2 залуу гэр бүл нийлээд энэ номын ард гарсан байна.

"Үзэмж төгс Монгол" ном тэр чигтээ монгол ахуй, соёл уламжлал, үзэсгэлэнт байгалийг илтгэх зургуудаас бүрджээ. Зургуудыг зохиомжийн дагуу дараалуулан холбосон ба номыг нээхэд хадагтай сүү дэлгэн барих үзэсгэлэнт монгол эмэгтэй таныг угтана. Тэгээд адуучин залуу өндөр уулсын наагуур гэрийн зүг хатирч, гэртээ ороход гэргий нь сүүтэй цай, тавагтай хоолоор угтан үргэлжлэх аж. Үүний дараа монгол гэрийн эд хэрэглэл, монгол гутал хувцас, 5 хошуу мал, 12 жил, амьтан ургамал, наадам, нүүдэл, үлгэр домог, хуурч өвгөн гээд 30 гаруй зургийг та өнгө ялган будаж, өөрийн гараар Монголоо бүтээх боломжтой. Бүх зургуудад монгол хээ угалзыг гайхамшигтайгаар шигтгэж өгсөн нь үнэхээрийн гоёмсог харагдана. Түүнчлэн энэ номыг Хятадад өндөр чанартай хэвлэсэн, зузаан цаастай тул будаг барагтай л бол нэвтрэхгүйг онцолъё.






Мөнх хөх тэнгэр, өндөр саридаг уулс, алтан шаргал элсний ширхэг, хөндий дүүрэн цэцэгс гээд Монгол бол гоо үзэсгэлэнгийн эх орон билээ. Хүмүүсийнх нь халуун дулаан сэтгэл, зочломтгой эелдэг зан үе уламжлагдаж ирсэн гайхамшигтай хээ угалз, өнгө будгийн зохицолд нь тусгалаа олсон мэт. Та бүхнийг Монгол улсынхаа соёл, байгалиар аялж, үнэт өвтэйгээ танилцангаа алжаал ядаргаагаа тайлна уу хэмээн урьж байна ... хэмээн номын оршилд өгүүлсэн байна.

БУДДАГ НОМЫН АЧ ХОЛБОГДОЛ

Хүн болгон л багадаа зураг их зурдаг боловч нас явахын хэрээр харандаа цаас нийлүүлэх нь тун ховор болдог. Нэг талаас зураг зурна гэдэг бас ч гэж авьяас шаардсан зүйл болохоор сүрхий сайн зурдаггүй л бол орхичихдог болов уу. Харин буддаг номын хувьд хүнээс авьяас гэхээсээ илүү өөртөө зориулах жаахан цаг, төвлөрөл, бүтээлч байдлыг шаарддаг. Тийм ч учраас өнөөгийн хурдтай хэмнэлт нийгэмд зав чөлөөгүй ажиллах хүмүүсийн стресс ядаргааг тайлж, тархийг амраадаг биз ээ. Миний хувьд багадаа морь зурах их дуртай байж билээ. Одоо харин энэ номон дээрх гоёмсог морины зургийг сайн гэгч нь будаж, өөрийн "бүтээл"-тэй болох боломж олдсонд баяртай байна. Өөрийн гараар хийсэн бүтээсэн зүйлээ хараад хүмүүст эрхгүй баяр бахдал төрдөг дөө

ӨӨРТӨӨ БОЛООД БУСДАД ӨГӨХ САЙХАН БЭЛЭГ

"Үзэмж төгс Монгол" номын фэйсбүүк хуудсыг харж байхад Монголд болон гадаадад байгаа хүмүүс номын зургуудыг хэрхэн будсанаа зургийг нь дарж нэлээд ирүүлдэг аж. Магадгүй зарим нь нуугдмал авьяасаа нээдэг биз. Мөн номын аль нэг зургийг будаад, түүнийгээ жаазлан, өрөөндөө өлгөх юм уу найз нөхдөдөө бэлэглэх "тренд" дэлгэрч байгаа бололтой. Үнэхээр ч үүнээс илүү сэтгэлээ шингээсэн сайхан бэлэг гэж юу байх билээ. Миний хувьд уг номыг өнгийн харандаа дагалдуулан хүнд бэлэглэвэл тун зүгээр юм байна гэж бодлоо.

Түүнчлэн Монголд амьдарч байсан норвеги, америк хүмүүсээс Монголыг сурталчлах сургалтын материалд уг номноос ашиглая гэсэн хүсэлтүүд ирсэн гэнэ. Үзэмж төгс Монгол орноо гадаадад сурталчлах үй олон арга бидэнд бий. Үүний нэг нь яах аргагүй "Magnificent Mongolia" ном болж чаджээ. Уг номыг Mmarket сайт, Интерном, Аз хур, Мажестик, Ханбүргэдэй номын дэлгүүрүүдээр борлуулж байгаагаас гадна энэ 9-р сараас Amazon дээр байрлуулж, гадаадад буй монголчууд, гадаад хүмүүст хялбар байдлаар худалдан авах боломжийг олгожээ.
Мөн та будаж дууссан зургаа жаазанд хийгээд гэртээ хадгалсан ч болно. Заавал үнэтэй чамин зураг худалдан авах шаардлагагүй, өөрийн бүтээсэн бэлэгээр өөрийн гэрийг чимэглэх боломжтой.

Энэ номыг заавал насан хүрэгчид бус өсвөр насны уран зураг сонирхдог болон сонирхдоггүй гээд хүүхэд бүр сонирхон будаж болно. Одоо сурагчдын амралт эхэлсэн байгаа болхоор гэртээ амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж болно шүү дээ.

Захиалах линк: https://mmarket.mn/product/show/5607-magnificent-mongolia-colouring-book

Эх сурвалж :http://www.unread.today/

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.