Хараат бус бүхэн хараат болж эхэллээ

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй хэргүүд бол “Шинэ төмөр” замын буюу Х.Баттулга, А.Гансүх нарын шалгагдаж байгаа хэрэг болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хөрөнгийг завшсан, залилан мэхэлж авсан гэх үндэслэлүүдээр Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан эмэгтэйчүүд болон бусад эрхмүүдийг шалгаж байгаа асуудал юм. Дээрх хэргүүд нь тусдаа хэргүүд бөгөөд “Шинэ төмөр” замын хэргийг АТГ, ЦЕГ-тай хамтран шалгаж байгаа бол “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж байгаа.

Дээрх эрхмүүдийн амлаж байснаар Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр зам өнөөдөр ашиглалтад орчихсон, ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой атал “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөл өнөөдөр овоолсон шорооноос өөр юмгүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, зарим иргэдийг амиа хорлохыг завдах хүртэл үйлдэл хийлгэхэд хүргэсэн.

Гэтэл БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллароос санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон гэдгийг тэдгээр иргэд хэллээ. Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа байна.

Магадгүй Цагдаагийн байгууллагыхан дээрх мөнгө Х.Баттулга болон түүний нөхдөд очсон байх учгийг атгасан учраас л шалгаж байгаа биз. Гэтэл хэргийг олны анхааралд өртүүлж нөлөөлөх оролдлого гаргаж байна. Тухайлбал Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэх хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг саатуулсан гэх маш том далим гаргаж ирэн улс төрийн дарамт шахалтыг үзүүлж эхэллээ. Гэтэл Г.Түвшинжаргалыг саатуулсан нь хуулийн дагуу байсан.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Г.Түвшинжаргалыг саатуулан шалгаж байгаад ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан. Цагдаагийн байгууллага үндэслэлгүйгээр хэн нэгнийг дур зоргоороо барьж хорьдог ямар ч эрх мэдэл байхгүй. Гэрт нь нэгжлэг хийхэд ч прокурорын зөвшөөрлөөр, хөндлөнгийн гэрчийг байлцуулан хийсэн. Түүнийг хорьсонтой холбоотой зарим улс төрчдийн зүгээс эсэргүүцэж, хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо гэх шүүмжилж байгаа. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэж ярьж байгаа. Ар гэртэй нь уулзуулах хүсэлтийг өмгөөлөгч нь өчигдөр буюу энэ сарын 21-нд гаргасан. Өмнө нь гаргаагүй байсан. Хүсэлтийг хуулийн дагуу 5 хоногийн дотор шийдвэрлэх ёстойгоор нэг хоногийн дотор шийдвэрлэж, өнөөдөр зөвшөөрөл олгож, хүүхэдтэй нь уулзуулсан” гэдгийг хэлж байсан.

Гэтэл Хууль зүйн сайд нь өөрт нь биш Монголын төрд зүтгэхээ тангарагласан цагдаа, шүүх, прокурорын байгууллагад нөлөөлөхийг оролдлоо. Тэр бүү хэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга нь прокурор, Хууль зүйн сайдад нь албан бичиг илгээж “ажлын хэсэг гарган ажиллах болно” хэмээн шууд утгаараа нөлөөлөхийг завдаж байна.

Хууль тогтоох байгууллагаасаа эхлээд Хууль зүйн сайд нь хүртэл нөлөөлөөд эхэлбэл Монголд шударга ёсны талаар ярих нэг ч хүнгүй болно. Энэ бол шууд байцаан шийтгэх ажиллагаанд нөлөөлж, цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулж байгаа үйлдэл юм.

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn