/ зөвөлгөө

Хамгийн ялдам нүүр будалт - Хацар өнгөлөгч!

Хацар өнгөлөгчинд дурлах цаг ирээ. Уруулын будаг, нүдний тень шиг нэр хүнд өндөртэй биш ч гэлээ энэ бүтээгдэхүүн чиний гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэх болно. Нойрмог, цонхигор царайтай байсан ч, хацар өнгөлөгч түрхээд л чи 20 секундын дотор “Би шөнөжингөө сайхан амарсан” гэх шиг цоглог, туяарсан нүүртэй болно.

Өөртөө тохирсон хацар өнгөлөгчийг олсон тохиолдолд чи бараг л яарсан үедээ бусад бүх бүтээгдэхүүнээ хойш тавиад, хацраа л дангаар нь өнгөлчихөөд гэрээсээ гарч байж мэднэ. Сормуусны будагныхаа атаархлыг төрүүл. Хацраа улаа бутруулахдаа бэлдээд!

Шахмал өнгөлөгч

Юугаараа онцлог вэ:
Хэрэв чиний арьс тос, будгийг амархан шингээгээд байдаг бол шахмал өнгөлөгч чамд таалагдана. Учир нь ийм өнгөлөгч тогтоц сайтаагаараа онцлогтой. Эхлээд хэрэглэхэд жаахан хэцүү байж мэднэ. Учир нь ийм өнгөлөгчийг түрхсэнийхээ дараа багсаар гялс тараахгүй л бол болдоггүй. Гэхдээ хэдэн удаа түрхээд л сурчихна, тиймээс санаа зоволтгүй. Их нарийн ширхэгтэй учраас арьсанд сайн уусч натураль харагдуулдаг.

Яаж хэрэглэх вэ:
Шахмал өнгөлөгч нь үл ялиг чийглэг, толигор арьсан дээр хамгийн сайн түрхэгддэг. Дөнгөж чийгшүүлсэн юм уу, суурь кремээ түрхсэнийхээ дараахан энэ өнгөлөгчөө түрхээрэй. Багсаар хурдан тараа, тэгэхгүй бол шахмал өнгөлөгч тогтоц сайтай учраас амархан хатдаг. Хуруугаараа юм уу, хуурай порлоноор хацар дээрээ өнгөлөгчөө түрхээд, алимных нь дагуу дээшээ чиглэлээр тараана.

Нунтаг өнгөлөгч

Энэ юу вэ:
Хацар өнгөлөгчний хамгийн уламжлалт хэлбэр. Ээжийнхээ будагны сав руу анх шагайж байхдаа ч үүнийг харж байсан биз дээ? Арьсанд амархан шингэдгээрээ, мөн маш олон төрөлтэй байдгаараа давуу талтай. Тосон болон шахмал өнгөлөгч түрхсэний дараа дээрээс нь үл ялиг нунтаг өнгөлөгч түрхчихвэл бүр дур булаам харагддаг.

Яаж хэрэглэх вэ:
Чийгшүүлэгч крем, хуурай пудрээ түрхсэнийхээ дараа түрхсэн нь дээр. Хуурай гадаргуун дээр түрхэхгүй бол чийглэг арьсан дээр нунтаг өнгөлөгч халтартаж муухай харагддаг. Хацарныхаа алимыг товойлгохын тулд сайтар инээж байгаад пудрны жижгэвтэр багсаар түрхэнэ. Том багсаар нунтаг өнгөлөгчийг түрхвэл энд тэнд нялагдчихдаг сул талтай. Харин түрхсэнийхээ дараа том багсаар дугуй хэлбэрээр тарааж уусгаж болно.

Тосон өнгөлөгч

Юугаараа онцлог вэ:
Хацар өнгөлөгчний хамгийн “хялбар” хэлбэр. Учир нь тосон өнгөлөгчийг будсан, будаагүй, зөвхөн чийгшүүлэгч түрхсэн гээд ямар ч арьсан дээр түрхэж болдог. Пудр нимгэн тавьсан арьсан дээр ч ийм өнгөлөгч шингэж чаддаг. Мөн тосон өнгөлөгчийг түрхэхэд багсны хэрэг байхгүй. Хуруугаараа аваад л хүссэн чиглэлдээ түрхчихэж болно.

Яаж хэрэглэх вэ:
Тосон өнгөлөгчиндөө дунд хуруугаа дүр. Учир нь энэ хурууны өндөг хамгийн жигд даралттай байдаг. Ингэснийхээ дараа сайн инээмсэглэж байгаад хацарныхаа алиман дээр дээшээ чиглэлтэйгээр түрхэнэ. Хурууныхаа өндгөөр уусгаж тараана.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Share хийгээрэй. Танд баярлалаа.

MmarketMn