/ Ном бичиг хэрэг

"Гадаадад магистрт суралцах арга зам" номны тухай

Өнөөдөр та бүхэндээ залуусын дунд ихээхэн эрэлттэй байгаа нэгэн номын хэсгээс толилуулъя. Уг номыг зохиогч Б.Хонгорзултай хамт 2012 онд Фулбрайтын тэтгэлэг хүртэн АНУ-д магистрт суралцах завшаан надад тохиосон билээ. АНУ-д очсоноосоо хойш тэрээр www.khongi.com блогоороо дамжуулан боловсролд түлхүү чиглэсэн, гадаадад суралцахыг хүсэж буй залууст хэрэг болохуйц нийтлэлүүдийг бичиж олны талархлыг хүлээдэг байсныг нь би сайн мэднэ. Дөрвөн жилийн дараа, 2016 онд, бусдад өөрийн туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгье гэсэн тэрхүү эрмэлзэл нь ном болон мэндлэх ёстой байжээ. Өнгөрөгч 10-р сард нээлтээ хийсэн "Гадаадад магистрт суралцах арга зам" номонд дэлхийн 10 гаруй оронд Фулбрайт, Чевенинг болон бусад нэр хүндтэй тэтгэлгүүдийг хүртэн магистраа хамгаалсан 40 гаруй залуусын танилцуулга, өргөдөлдөө өгч байсан эсээ, томоохон тэтгэлгүүд болон тэдгээрт хэрхэн тэнцэх талаар мэдээлэл, түгээмэл асуулт хариултууд болон гадаад хэл хэрхэн сурах зөвлөгөөнүүд багтсан байна.

Б.Хонгорзул энэхүү номыг зүгээр ч нэг бүтээгээд зогссонгүй олсон орлогоор нь сургууль завсардсан арван жилийн сурагчид, сургуульд явах боломжгүй айлын хүүхдүүдийг сургууль сурах боломжоор хангах зорилготой төсөл хэрэгжүүлэхээр зорьж буйг онцлууштай. Тийм ч учраас хэвлэх нийт зардлыг сайн дурын хандивлагчдаас цуглуулан босгожээ. Уг бүтээл нь гадаадад суралцахыг хүсэгч Монголын шинэ үеийн залууст оюуны асар том хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.
Ингээд та бүхэндээ номын хэсгээс цухас хүргэе.

ЭЛСЭЛТИЙН КОМИСС ГОРИЛОГЧДООС ЮУГ ХАРДАГ ВЭ?

Оюутан залуус “Гадаадад суралцах, тэтгэлэг авахад элсэлтийн комисс юуг хардаг вэ?"‚ “Ямар хүн байснаар мянга мянган горилогчдоос ялгардаг юм бэ?” гэж их асуудаг. Зарим нь бол хэлний шалгалтаа сайн өгчихөд болно гэж боддог нь надаас асууж байгаа асуултуудаас нь илэрхий байдаг. Гэтэл энэ асуултын хариулт тийм ч амархан биш юм. Би өөрөө аль нэгэн сургуулийн элсэлтийн комисст ажиллаж байгаагүй учраас энэ сэдвээр бүрэн дүүрэн зөвлөгөө өгөхөд миний туршлага дутна. Тиймээс дэлхийн шилдэг МВА буюу Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрүүдэд хүмүүсийг элсэн ороход нь тусалж, зөвлөх компаниараа дамжуулан зөвлөгөө өгдөг Стейси Блакмэн хэмээх бүсгүйн зөвлөгөөн дээр өөрийн санал бодлыг нэмж та бүхэнд аль болох хэрэгтэй мэдээллийг хүргэе. Энд өгөх зөвлөгөө зөвхөн Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт нийцсэн гэлтгүй ямар ч чиглэл‚ мэргэжлээр гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст тохиромжтой, элсэлтийн комиссын үнэлгээ өгч, дүгнэлт хийдэг ихэнх шинж чанарыг дурдсан учир Та аль болох өөртөө хэрэгтэй зүйлсийг нь тусгаж уншаарай.

Тэгэхээр бусдаас ялгарахын тулд яах ёстой юм болоо?

1. Нөлөө бүхий манлайлал (high-impact leadership)

“Чиний өнгөрсөн хугацаанд хийж байсан манлайллын ажлууд, үзүүлэлтүүд чинь ирээдүйн зорилго мөрөөдлөө биелүүлж чадах эсэхийг чинь хэмжих хэмжүүр болно” хэмээн Блакмэн бичжээ. Иймд чи өмнө нь үнэхээр өөрчлөлт, шинэчлэл болохуйц зүйл хийж, жижиг том нь хамаагүй ямар нэг баг удирдаж байсан
гэдгээ харуулах хэрэгтэй. Үүнд амжилт гаргасан эсэх нь тийм ч чухал биш, харин чи эргэн тойрондоо нөлөө үзүүлж, хийж бүтээсэн зүйлтэй, шинийг санаачилсан байх ёстой.

2. Хүчин зүтгэл (service)

Чиний амжилтууд чамайг хэн болохыг хэрхэн тодорхойлж байгааг элсэлтийн комисс баталгаа, баримттайгаар харахыг хүсдэг. Өөрийн хүрээнийхэн, цаашилбал нийгэмдээ үйлчилж, хувь нэмэр оруулснаа жишээгээр харуулах нь хоёр чухал шалтгаантай:

a. Чиний сонирхол, үзэл бодол, хүсэл мөрөөдлийн талаар илүү сайн ойлголт авахад тус болно.
б. Нийгэм эсвэл өөрийг чинь хүрээлж буй хүмүүст оруулсан хувь нэмрийг чинь харж байгаад хэрвээ тухайн сургуульд элсэж орвол сургуулийн орчиндоо хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, чадвартай эсэхийг харахыг хүсдэг.

3. Шийдэл гаргах чадвартай байх (solutions oriented)

Харвардын бизнесийн сургуульд ашигладаг сургалтын материал болох “Case“-үүд (бодит амьдрал дээр болсон явдал, бизнесийн бодит жишээн дээр тулгарсан асуудал нөхцөл байдал) "Чи юу гэж бодож байна вэ?” гэж асуухаас илүү “Чи байсан бол ямар шийдэл гаргах байсан бэ?” гэсэн асуулт тавьдаг. Байгаа мэдээллийг боловсруулж, тулгараад байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвар чухал хэдий ч чи түүнээс илүү зүйлийг баталж харуулах ёстой. Өөрийн дүн шинжилгээ, дүгнэлтээ нэгтгэж, түүнийхээ үндсэн дээр төлөвлөгөө боловсруулж, хамгийн гол нь тэр төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлсэн эсэхийг элсэлтийн
комисс харахыг хүсдэг.

4. Хүсэл сонирхол, тэмүүлэл (passion)

Хүн хүсэл тэмүүлэлтэй байх нь сургууль, бизнесийн аль алинд нь илүү өндөр бүтээмжтэй, идэвхтэй байхад тус болдог. Гэхдээ чи хийж байгаа ажилдаа хүсэл сонирхолтой байгаад зогсохгүй, өөрийн хамт ажиллаж байгаа эргэн тойрны хүмүүстээ тэр хүсэл сонирхлоо түгээж, үлгэр жишээ хүн байх хэрэгтэй.

5. "Case"-ээр сурах арга барилыг эзэмших чадвар (case method compatibility)

Анх Харвардын бизнесийн сургууль энэхүү кэйс хэлбэрийн сургалтын материалыг зохиосон бөгөөд өдгөө Харвардын бүх сургуулиуд хэрэглэж, дэлхийн бусад сургуулиуд Харвардаас кэйсүүдийг нь худалдан авч, сургалтандаа ашигладаг жишигтэй. Харвардын сургуулиудаас Бизнесийн сургууль нь хичээлийн хөтөлбөртөө кэйсүүдийг тогтмол хэрэглэдэг бөгөөд кэйсийг ашигласнаар оюутнууд жинхэнэ амьдрал дээр тулгарах асуудалтай харьцаж, дүн шинжилгээ хийн, бодитой шийдвэр гаргах дадал туршлага болдог. Тиймээс элсэлтийн комисс эдгээр кэйсүүд дээр ажиллаж чадахуйц оюуны бядтай, харилцааны ур чадвар сайтай, бусдын санаа бодлыг хүндэлдэг, бусдадаа зааж өгөхөөс гадна бусдаасаа суралцах хүсэлтэй хүмүүсийг хайдаг.

[Номын 156-с 158-р тал. Үргэлжлэлийг та "Гадаадад Магистрт Суралцах Арга Зам" номноос уншаарай.]

https://www.mmarket.mn/product/show/5604-gadaadad-magistrt-suraltsah-arga-zam-nom

Эх сурвалж: http://www.unread.today

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.