/ мэдээлэл

9 дүгээр сарын 1-ээс хэрэгжих замын хөдөлгөөний дүрэмтэй дахин нэг танилцаарай

Есдүгээр сарын нэгнээс Замын хөдөлгөөний дүрмийн хатуу чанга 24 заалт хэрэгжиж эхлэх бөгөөд зам дээр амь насаа алдсан иргэдийн тоо дайн байлдаантай орны хэмжээнд хүрээд байгаа тул иргэд замын хөдөлгөөний дүрэм чанга байхад иргэд татгалзах зүйлгүй байна. Гэвч чанга дүрмээ эрх мэдэлтэй, мөнгөтэйгээр нь ялгаж, алагчилалгүй мөрдүүлдэг болгох хэрэгтэй. Эрх дархтнууд нь, мөнгөтнүүд нь хууль дүрмийнхээ дээгүүр дэвсэлж гардаг, бусад нь гудайдаг байх аваас ямар ч хууль, дүрэм үнэ цэнэгүй болно.

Энэ дүрмэн дотор хоёр зүйл эргэлзээтэй байна л даа.

  1. "17. Хэт ядарсан үедээ жолоо баривал 48.000 төгрөгөөр торгоно." гэжээ.

Хэт ядарсныг нь яаж тодорхойлох вэ? Нэг цагдаа намайг зогсоогоод, "Та хэт ядарсан бйана?" гээд торгуулийн хуудас бичээд өгчихвөл би "Ядраагүй" гэдгээ хаана хэнээр нотлуулж, тогтоолгох вэ?

" 19. Буруу талаар нь гүйцэж түрүүлбэл 19.200 төгрөгөөр торгоно" гэжээ. Үгүй, ингэхэд эгнээгээ зөв барьдаггүй, хоёр дугаар эгнээнд ороод гэлдэрчихдэг энэ олон жолооч нарыг тэгвэл яах вэ? Энэ олон том ачааны тэргүүд, тусгай тоног төхөөрөмжийн машин механизмуудыг яах вэ? Араас нь дагаад л гэлдрээд байх уу?

Энэ мэт нэг мөр болгохоор эргэлзээтэй заалтууд байгаа ч доорхи 24 заалт бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

1. Явган хүний гарц дээр зогсвол 19.200 төгрөгөөр торгоно.

2. Хурд хэтрүүлбэл 48.000 төгрөгөөр торгуулж, зургаан сараар эрх хасна.

3. Согтуугаар машин баривал 384.000 төгрөгөөр торгож, 6-24 сараар эрх хасна.

4. Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна.

5. Замын гэрэлтүүлэг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.

6. Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 9600 төгрөгөөр торгоно.

7. Холын гэрлээ шилжүүлээгүй бол 19.200 төгрөгөөр торгоно.

8. Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно.

9. Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19.200 төгрөгөөр торгоно.

10. Зөвшөөрөлгүй хурд сааруулагч хийсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.

11. Хүнд өвчтэй үедээ жолоо баривал 48.000 төгрөгөөр торгоно.

12. Бичиг баримтгүйгээр машин жолоодвол 48.000 төгрөгөөр торгоно.

13. Замаа стандартын дагуу арчлаагүй бол 960.000 төгрөгөөр торгоно.

14. Эсрэг урсгал сөрвөл 96.000 төгрөгөөр торгоно.

15. Зөвшөөрөлгүйгээр замын тэмдэг шинээр тавьсан иргэнийг 96.000 төгрөгөөр торгоно.

16. Явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 48.000 төгрөгөөр торгоно.

17. Хэт ядарсан үедээ жолоо баривал 48.000 төгрөгөөр торгоно.

18. Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчвөл 19.200 төгрөгөөр торгоно.

19. Буруу талаар нь гүйцэж түрүүлбэл 19.200 төгрөгөөр торгоно.

20. Явган зорчигчийн замаар явбал 19.200 төгрөгөөр торгоно.

21. Бүртгэлгүй машинаар хөдөлгөөнд оролцсон жолоочийг 96.000 төгрөгөөр торгоно.

22. Улаан гэрлээр орвол 19.200 төгрөгөөр торгоно.

23. Жолоодох эрхгүй этгээд машин баривал 192.000 төгрөгөөр торгоно.

24. Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгоно.

Замын хөдөлгөөндөө дүрмээ баримтлаад соёлтой зорчоорой!!!

Энэ мэдээ таньд таалагдаж байвал SHARE хийгээрэй.